ҽ

НИЙТИЙН БАРААЛХАЛ VI Паулын Танхим 2024 оны 5 сарын 1, Лхагва гараг

Католик шашны цуврал хичээл. Гаж буруу ба эрдэм буян. 17. Итгэл бишрэл

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Өнөөдөр би итгэл бишрэлийн эрдэм буяны тухай ярина. Энэхүү эрдэм буяныг энэрэл хайр, горьдол найдварын хамт теологийн эрдэм буян гэж тодорхойлдог. Итгэл бишрэл, горьдол найдвар, энэрэл хайр нь теологийн гурван эрдэм буян юм. Тэдгээр нь зөвхөн Тэнгэрбурханаас өгөгддөг бэлэг учраас ийн нэрлэдэг. Хүмүүс ёс суртахуунтай амьдрах чадамжтай байхын тулд Тэнгэрбурхан теологийн гурван эрдэм буян хэмээх агуу бэлгийг өгчээ. Тэдэнгүйгээр бид хэрсүү, шударга, чин бат, хянамгай байж чадах ч гэлээ харанхуйд ч хардаг нүдтэй, бусдаар хайрлагдаагүй байсан ч тэднийг хайрладаг зүрхтэй, найдваргүй байдлын эсрэг зүрхлэх найдвартай байхын тулд тэд хэрэгтэй.

Итгэл бишрэл гэж юу вэ? Католик шашны сургаалд итгэл бишрэлээр хүнлэг бодгаль бие өөрийгөө Тэнгэрбурханд сайн дураар зориулдаг хэмээсэн байдаг (1814). Энэхүү итгэл бишрэлийн хувьд Абрахам бидний эцэг болно. Абрахам өвөг дээдсийнхээ нутгийг орхиж, Тэнгэрбурханы харуулах нутаг руу явахаар шийдэх үед түүнийг хүмүүс галзуурсан гэлцэж байсан байх. Яагаад мэддэг зүйлээ үл мэдэгдэх зүйлийн төлөө, тодорхойг тодорхой бус зүйлийн төлөө орхино гэж? Тийм зүйл хийж яах юм бэ? Галзуурсан үйлдэл биш гэж үү? Гэвч Абрахам "хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав" гэж Библид өгүүлдэг. Тэр яг л хараахан ил болоогүй юмсыг харсан мэт явсан нь үнэхээр гайхалтай. Цаашлаад нүдэнд үл харагдах тэр л зүйл Абрахамыг цорын ганц хүү Исаакаа золиослохоор уул өөд гарахад хүргэсэн. Эцсийн мөчид л Исаак золиослолоос аврагдсан билээ. Ийм итгэлээр Абрахам өнө урт үргэлжилсэн удмын эцэг болсон. Итгэл бишрэл нь түүнийг үр жимстэй болгосон юм.

Олон эргэлзээн дунд ч Тэнгэрбурханы дуу хоолойг бат итгэлтэйгээр хүлээн авч, Эзэнд найдсаар байсан хүн бол Мосе. Тэр итгэл муутай хүмүүсийг ч Эзэний өмнө хамгаалж байсан.

Цэвэр охин Мариа итгэл бишрэлтэй эмэгтэй байв. Олон хүн тэнгэр элчийн хэл мэдээг сонсоод хэт өндөр шаардлага бүхий, эрсдэлтэй зүйл хэмээн татгалзах байсан биз. Гэтэл Мариа, “Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай” хэмээн хариулсан (Лук 1:38). Тэнгэрбурханд итгэх итгэлээр дүүрэн зүрхээр Мариа юу тохиолдож, ямар аюул тулгарахыг ч мэдэхгүй замыг сонгодог.

Итгэл бол Христэд итгэгчийг бүтээдэг эрдэм буян юм. Учир нь Христэд итгэгч байх нь соёл, соёлын үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрөх төдий биш, харин Тэнгэрбурхантай холбогдох харилцааг хүлээн авч, эрхэмлэх явдал билээ. Тэнгэрбурхан бид хоёр буюу, миний болон Есүсийн эелдэг царай хоорондын харилцаа л намайг Христийн сүсэгтэн болгодог юм.

Итгэл бишрэлтэй холбоотойгоор Сайн мэдээний айлдлын нэг хэсэг санаанд орж ирдэг. Есүсийн шавь нар нуурыг гаталж байхад гэнэт их салхи боссон. Тэд гарынхаа хүч болон туршлагадаа найдан нуурыг гаталж чадна гэж боддог ч завь нь усанд автах үед сандарч эхэлдэг (Марк 4:35-41). Өөрсдийнх нь нүдэн дээр шийдэл байгааг тэд ойлгоогүй. Есүс тэдэнтэй хамт завин дээр, шуурган дунд "унтаж байсан" гэж айлдалд бичигдсэн байдаг шүү дээ. Есүс тэднийг сүйрэхийг зөвшөөрөх вий гэсэндээ шавь нар нь айж, уурлацгаан Есүсийг сэрээхэд Тэр тэднийг зэмлэн: “Та нар юунд айцгаана вэ? Та нарт яагаад итгэл алга байдаг билээ?" хэмээсэн (Марк 4:40).

Ухаан, логик бол итгэлийн агуу дайсан хэмээн зарим хүн улайран давтсаар байдаг нь харамсалтай. Гэвч итгэлийн жинхэнэ дайсан бол айдас. Иймд Христийн сүсэгтэнд хамгийн анх итгэл бишрэлийн бэлэг өгөгддөг. Итгэл бишрэл бидний дотор шинэчлэгдэж байхын тулд түүнийг өдөр бүр гуйж, хүлээн авах ёстой. Итгэл бол жижиг санагдах атлаа хамгийн чухал бэлэг юм. Биднийг ариун угаал хүртэх үед эцэг эх маань ёслолын тосгуурт биднийг аваачин, сонгосон нэрийг маань зарладаг. Үүний дараа санваартан "Та Тэнгэрбурханы сүмээс юу хүсэж байна вэ?" гэж асуухад эцэг эх маань: "Итгэл бишрэл, ариун угаал!" гэж хариулдаг билээ.

Өөрсдөд нь өгөгдсөн хишиг ивээлийг мэддэг Христэд итгэгч эцэг эхчүүд хүүхдүүддээ мөн л итгэл бишрэлийн бэлгийг хүсдэг. Итгэл бишрэл байгаа цагт хүүхэд нь амьдралын сорилт дунд ч айдаст автан живэхгүй гэдгийг тэд мэднэ. Үүнээс итгэл бишрэлийн дайсан бол айдас гэдэг нь харагдаж байна. Дэлхий дээрх эцэг эх нь үгүй болох үед хүүхдэд түүнийг хэзээ ч орхихгүй тэнгэр дэх Тэнгэрбурхан Эцэг нь байна гэдгийг мэддэг учраас эцэг эхчүүд үрдээ ариун угаал хүртээдэг билээ. Хүмүүний хайр маш хэврэг. Харин Тэнгэрбурханы хайр л үхлийг ялах хүчтэй.

Мэдээж, Элч Паулын хэлсэнчлэн итгэл бүх хүнд байдаггүй (2 Тесалоник 3:2). Итгэгч бидэнд ч итгэл дутагддаг гэдгийг бид мэднэ. Есүс шавь нарынхаа нэгэн адил биднийг “өчүүхэн итгэлтнүүд” гэж зэмлэх явдал олонтоо тохиодог. Гэхдээ итгэл бол хамгийн сайхан бэлэг бөгөөд бидний атаархаж болох цорын ганц эрдэм буян юм. Итгэлтэй хүний дотор хүний хүчнээс давсан хүч оршдог. Үнэхээр л итгэл бишрэл бидний дотор хишиг ивээлийг “өдөөж”, бодол санааг Тэнгэрбурханы нууцад нээж өгдөг. Есүс нэгэнтээ: "Та нарт гичний үр төдийхөн итгэл байхад л, энэ ялам модонд “Үндсээрээ сугарч, тэнгист урга” гэсэн ч тэр дагах л болно" (Лук 17:6) гэж хэлсэн. Тиймээс бүгдээрээ ч бас шавь нарын адилаар Түүнд “Эзэн, итгэлийг маань нэмээч!” хэмээн давтан хэлцгээе (Лук 17:5). Энэ их сайхан залбирал шүү! Бүгдээрээ үүнийг хамтдаа хэлцгээе. “Эзэн, итгэлийг маань нэмээч!” [Бүгд] "Эзэн, итгэлийг маань нэмээч!". Хэт аяархан байна... арай чангаар: [Бүгд] "Эзэн, итгэлийг маань нэмээч!" Баярлалаа.

 

Тусгай мэндчилгээ

Өнөөдөр энд ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчид болон зочид, ялангуяа Финлянд, Мальта, Нидерланд, Норвеги, Уганда, Энэтхэг, Малайз, Канад, Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн хүмүүст халуун мэндчилгээ дэвшүүлье. Кени улсад болсон хүчтэй үер олон ах дүүгийн маань амь насыг эмгэнэлтэйгээр авч одон, өөр олон хүнийг гэмтээж, өргөн хэмжээний сүйрэл тарилаа. Энэ хүнд цаг үед Кенийн ард түмэн миний бодолд байгааг би хэлмээр байна. Байгалийн гамшигт нэрвэгдсэн бүх хүний төлөө залбирцгаая. Зовлон бэрхшээл дунд ч сүсэгтнүүд бид амилсан Христийн баяр баясгаланг санадаг билээ. Та бүхэн болон та бүхний гэр бүлийнхэнд би Эцэг Тэнгэрбурханы хайрын нигүүлслийг гуйн залбиръя. Эзэн та бүгдийг адислах болтугай!

 

Ариун Эцгийн үгсийн хураангуй

Эрхэм ахан дүүс ээ: Эрдэм буяны талаарх үргэлжилсэн хичээлийнхээ хүрээнд бид өнөөдөр хүнийг Тэнгэрбурхантай нэгтгэж, ёс суртахууны эрдэм буянуудыг бэхжүүлдэг итгэл бишрэлийг авч үзнэ. Итгэл бишрэлээр бид Тэнгэрбурханд болон Түүний илчилсэн бүх зүйлд итгэж, Түүнд өөрсдийгөө сайн дураар зориулдаг гэж Католик шашны сургаалд (1814) заадаг. Абрахам, Мосе, Цэвэр охин Мариа зэрэг хүмүүс аюул заналхийллээр дүүрэн, тодорхойгүй замаар явахдаа өөрсдийгөө Тэнгэрбурханд бүрэн даатгасан. Тэдний амьдралын сэтгэл хөдөлгөм жишээнүүдийг бид Ариун Судраас үзэж болно. Гэвч сүсэгтнүүдийн амьдралд итгэл суларч, айдас түгшүүртэй болох үеүд тохиодог. Итгэл бишрэл бол бэлэг гэдгийг санацгаая. Бидний амьдралд тогтвортой байдал, хүч чадлыг өгөх чадвартай Тэнгэрбурханы хишиг ивээлд эргэлзэлгүйгээр Түүнээс итгэлийн бэлгийг хүсэцгээе. Нуурыг завиар гатлах үедээ их салхинд цохиулсан шавь нар шиг өдөр бүр Есүст хандаж, "Эзэн, итгэлийг маань нэмээч!" хэмээн гуйцгаая. (Лук 17:5)

 

01 May 2024, 17:58

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >