АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2024 оны 7 сарын 21, Ням гараг
Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!
Өнөөдрийн мөргөлийн Сайн мэдээний айлдал (Марк 6:30-34) элч нар томилгоот ажлаасаа буцаж ирснийхээ дараа Есүс уруу ирж, юу хийснээ айлтгасан талаар өгүүлэв. Есүс тэдэнд: "Та нар зэлүүд газарт оч. Жаахан амар" гэж хариулдаг (ишлэл 31). Гэвч хүмүүс тэднийг хаашаа явж байгааг мэдээд, Есүсийг завинаас буух үед Түүнээс урьтаад оччихсон байдаг. Өөрийг нь хүлээж буй хүмүүсийг хараад Есүс тэднийг өрөвдөж, олон зүйлийг зааж эхэлсэн (ишлэл 34).
Энд нэг талаас амрах урилга байх авч нөгөө талаас Есүсийн цугласан олныг өрөвдөн энэрэх сэтгэл харагдана. Түр азнаад Есүсийн энэрэнгүй байдлын талаар тунгаан бодох сайхан. Амрах, энэрэх хоёр нь хоорондоо үл нийцэх зүйлс мэт санагдана. Гэвч тэд хамт явах аж. Үүнийг илүү нарийвчлан авч үзье.
Есүс шавь нар нь ядарсан байгаад санаа зовдог. Магадгүй тэр бидний болон элч нарын амьдралд нөлөөлж болзошгүй аюулыг мэдэж байсан байх. Тухайлбал номлол, ажил, эсвэл өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэх хүсэл эрмэлзэл биднийг идэвхтэй үйл ажиллагааны золиос болгох үе бий. Хийх зүйлдээ хэт санаа зовж, үр дүнг хэт чухалчлах нь сайн зүйл биш. Ингэснээр бид сэтгэлийн хямралд орж, чухал зүйлээ умартаж, эрч хүчээ шавхаж, бие махбодын болон оюун санааны ядаргаанд орох эрсдэлтэй байдаг.
Ихэвчлэн яарч сандарсан бидний амьдрал, нийгэмд энэ нь чухал анхааруулга болж байна. Шашны болон пасторал үйлчлэлийн хувьд амралтгүй ажиллахын дарангуйллаас болгоомжилцгооё! Амьдралын шаардлагаас гэр бүлд ч ийм зүйл тохиолдож болдог. Жишээлбэл, аав нь амьдралаа залгуулахын тулд ажилдаа явж гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагаа золиослох нь бий. Аав нар ихэвчлэн өглөө эрт хүүхдүүдээ унтаж байхад гараад орой орондоо орчихсон байхад нь ирдэг. Энэ бол нийгмийн шударга ёсонд нийцэхгүй зүйл. Гэр бүлд аав, ээж хоёр үр хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөж, гэр бүлийнхээ хайрыг тэтгэж, ажиллахын дарангуйлалд автахгүй байх хэрэгтэй. Тийн амьдрахаас өөр аргагүйд хүрсэн хүмүүст хэрхэн тусалж болох вэ гэдгийг бүгдээрээ бодоцгооё.
Үүний зэрэгцээ, Есүсийн санал болгосон амралт бол ертөнцөөс зугтаж, зүгээр л хувийн сайн сайханд анхаарах явдал биш юм. Харин ч Тэр зорилгогүй хүмүүстэй тулгарахдаа тэднийг өрөвдөж байсан. Амралт ба өрөвдөх сэтгэл хоорондоо холбоотой гэдгийг бид Сайн мэдээнээс мэдэж авна. Бид амарч сурсан цагтаа л бусдыг энэрч чадна. Үнэн хэрэгтээ, бидний зүрх сэтгэл хийж бүтээхийн түгшүүрт автаагүй үедээ буюу шүтэн бишрэхүйн нам гүм дотор түр азнаж Тэнгэрбурханы хишиг ивээлийг хүлээн авсан үедээ л бусдын хэрэгцээг ойлгож энэрэх чадвартай болдог.
Тиймээс эрхэм ахан дүүс ээ, өөрсдөөсөө ийн асууцгаая: би өдрийн турш амсхийж чаддаг билүү? Би өөртэйгөө болон Эзэнтэй хамт байхын тулд цаг гаргаж чаддаг билүү? Эсвэл би үргэлж яарч, ажлаа амжуулах гэж бачимддаг уу? Бид өдөр бүрийн чимээ шуугиан, ажлын дунд "зэлүүд газрыг" олж чаддаг уу?
Цэвэр Охин Мариа бидэнд өдөр тутмын бүх үйл ажиллагааны дунд ч “Сүнсээр амран”, бусдад нээлттэй, энэрэнгүй байхад туслах болтугай.
Дараах үг
Эрхэм ахан дүүс ээ, Парисын олимпын наадам энэ долоо хоногт эхлэх бөгөөд түүний дараа Паралимпийн наадам болно. Спорт бол нийгмийн асар их хүч бөгөөд өөр өөр соёл иргэншилтэй хүмүүсийг ч тайван замаар нэгтгэж чаддаг зүйл. Энэхүү арга хэмжээ нь бидний бүтээхийг хүсэж буй хүртээмжтэй ертөнцийн гэрэлт цамхаг болно гэж би найдаж байна. Тамирчид спортын гэрчлэлээрээ энх тайвны элч болж залуучуудад жинхэнэ үлгэр дуурайлыг үзүүлээсэй. Эртний уламжлалын дагуу Олимпын наадам дайн тулааны галыг зогсоох уриалга, энх тайвныг эрхэмлэн дээдлэх чин хүслийн илэрхийлэл болох болтугай.
Ром хотын иргэд болон Италийн бусад хэсэг, өөр олон орноос ирсэн мөргөлчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ялангуяа Бразилийн Куисадагийн шашны хүрээний Нотр Дам багийнхан болон Африкт боловсролын нэгдлийн төслүүд дээр ажилладаг “Assumpta Science Center Ofekata” холбооныхонтой мэндчилье.
Би мөн өөрсдийн төвийн үүсгэн байгуулагч, Төгс Жаргалт Луижи Новаресэгийн дурсгалд зориулан энд цугларсан Загалмайн чимээгүй ажилчид бүлгэмийнхэн болон тэдний төвийн сайн дурын ажилтнууд; Христийн Хаанчлал Шашин дэлгэрүүлэгчдийн институтын залуу эмэгтэйчүүд; Ассизи хотоос Ром хүртэл Гэгээн Францисын замаар алхсан Ромын Шашны сургуулийн залууст мэндчилгээ дэвшүүлье.
Ахан дүүс ээ, бүгдээрээ амар амгалангийн төлөө залбирцгаая. Тарчилж буй Украйн, Палестин, Израил, Мьянмар болон дайнд нэрвэгдсэн олон улсыг мартаж болохгүй. Дайн бол үргэлж ялагдал байдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй!
Бүгдэд нь Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.