ҽ

АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2023 оны 12 сарын 31, Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, buongiorno!

Өнөөдөр бид Есүс, Мариа, Иосеф нарын Ариун гэр бүлийн баярыг тэмдэглэж байна. Сайн мэдээний айлдал бидэнд нялх Есүсийг Эзэнд өргөж буй Иерусалимын сүм доторх үзэгдлийг дүрслэн харууллаа (Лук 2:22-40).

Ариун гэр бүл тогтоосон өргөлүүдийн дотроос хамгийн даруу бөгөөд энгийнийг нь авч сүмд ирсэн нь тэднийг ядуу амьдарч байсныг гэрчилнэ. Сүмээс явахаасаа өмнө Мариа “Сэтгэл чинь хүртэл илдэнд нэвт сүлбэгдэх болно” гэх зөгнөлийг хүлээн авдаг (ишлэл 35). Тэд ядуу зүдүү байдалтайгаар сүмд ирж, зовлонт ачааг үүрэн буцжээ. Махбод болсон Тэнгэрбурхан тэдний дунд байсан хэмээн сайрхаж чадах түүхэн дэх цорын ганц гэр бүл болох Есүсийн гэр бүл баян чинээлэг бус, харин ядуу байсан нь гайхмаар! Энэ гэр бүл амар хялбар амьдрахын оронд саад бэрхшээлүүдийг даван туулсан. Зовлон зүдүүрээс ангид байхын оронд асар их гашуун зовлонг амссан!

Ариун гэр бүл ядуу байдалд саад бэрхшээлтэй тулгарч, зовлонт амьдралаар амьдарсан нь бидэнд юуг хэлээд байна вэ? Энэ нь бэрхшээлээс дээгүүр гэж бидний ихэвчлэн төсөөлдөг Тэнгэрбурхан маань бидэнтэй л адил бэрхшээлт амьдралыг туулсан гэх сайхан санааг хэлж байна. Ийн амьдарснаараа Тэр биднийг аварсан. Тэнгэрбурхан бидэн дээр аль хэдийн насанд хүрсэн хүний дүрээр биш, харин бяцхан хүүхэд болон ирсэн билээ. Ээж, аавын хүүгийн хувиар Тэр ихэнх цагаа өсөж торниж, сурч боловсроход зарцуулж, олны нүднээс далд, чимээгүйхэн өдөр тутмын амьдралаар амьдарсан. Мөн Тэр бэрхшээлээс зайлсхийгээгүй. Гэр бүлээ сонгохдоо Тэр “зовлон зүдүүрт мэргэшсэн” гэмээр гэр бүлийг сонгосон бөгөөд үүгээрээ бидэнд “Та нарын амьдралд хүндрэл тулгарсан уу? Та нарыг юу туулж байгааг би мэднэ. Би ч хүндрэл бэрхшээлийг үзэж туулсан. Танай гэр бүлд Та нар ганцаараа биш шүү гэж хэлэхийн тулд Би ээж аавынхаа хамт зовлон бэрхшээлүүдийг туулсан!” хэмээж байна.

Иосеф, Мариа хоёр өндөр настай Симеон, эш үзүүлэгч эмэгтэй Анна нарыг зөгнөл хэлнэ гэж төсөөлөөгүй байсан тул "Есүсийн тухай хэлсэн үгэнд ихэд гайхаж байлаа" (Лук 2:33). Тэд гайхаж байсан. Тэдний гайхах чадварын талаар би өнөөдөр эргэцүүлмээр байна л даа. Аливаа зүйлийн эгэл жирийн байдалд дасалгүй, Бидэнтэй хамт явдаг Тэнгэрбурханы өмнө гайхширах чадвартай байна гэдэг нь гэр бүлээрээ урагшлан хөгжихийн нууц юм. Хосууд нэг нэгнээ хараад гайхширч байх нь сайн хэрэг гэж би боддог. Жишээлбэл, ханийнхаа гараас хөтлөөд, нүд рүү нь хэдэн хором энхрийлэн ширтэж болох юм. Гайхширал үргэлж биднийг энхрийлэл рүү хүргэдэг. Гэрлэлт доторх энхрийлэл гэдэг сайхан зүйл. Мөн амьдралын болон хүүхдүүдийн гайхамшгийг биширч, тэдэнтэй тоглох, тэднийг сонсох цаг гаргах ч сайхан. Аав, ээжүүдээс би ингэж асууя. Та хүүхдүүдтэйгээ тоглох цаг гаргадаг уу? Тэдэнтэй хамт гадуур зугаалдаг уу? Өчигдөр би утсаар ярьж байсан эмэгтэйгээсээ, "Чи хаана байна вэ?" гэж асуухад тэр "Өө, би цэцэрлэгт хүрээлэнд байна. Би хүүхдүүдээ салхилуулаад явж байна" гэсэн юм. Энэ бол хүүхэд хүмүүжүүлэх сайн арга. Цаашлаад бид өвөө, эмээ нарынхаа мэргэн ухааныг гайхах хэрэгтэй. Бид ихэнхдээ өвөө, эмээ нараа амьдралдаа оролцуулдаггүй шүү дээ. Гэвч эмээ өвөө нар маань мэргэн ухааны эх сурвалж байдаг. Өвөө эмээ нарынхаа мэргэн ухаан, тэдний түүхүүдэд гайхширч сурцгаая. Тэд бидний анхаарлыг зайлшгүй чухал зүйлс рүү эргүүлэн хандуулдаг билээ. Эцэст нь хүн бүрд өөрийн гэсэн хайрын түүх бий. Эзэн биднийг хайран дотроо алхуулдаг гэдгийг санаж гайхширцгаая. Мэдээж бидний амьдралд сөрөг зүйлс бий. Бид төдийлөн гайхшираад байдаггүй ч байж мэднэ. Гэвч бидэнтэй хамт алхдаг Тэнгэрбурханы сайн сайхныг санан гайхширцгаая.

Гэр бүлийн хатан хаан Мариа эх биднийг гайхширан амьдрахад туслах болтугай. Өнөөдөр бүгдээрээ гайхах чадвартай байх ивээлийг гуйцгаая. Мариа эх бидэнд өдөр бүр сайн сайханд гайхширахад, гайхширлын гоо сайхныг бусдад зааж сургахад туслах болтугай.

Анжелусын дараа хэлсэн үгс

Эрхэм ахан дүүс ээ,

Зул сарын баярыг тэмдэглэж байх үеэр Нигери улсын Плато мужид ноцтой хүчирхийлэл өрнөж, олон хүн хохирсон харамсалтай явдал тохиосон. Би тэдгээр хүмүүс болон гэр бүлийнхнийх нь төлөө залбирч байгаа. Тэнгэрбурхан Нигерийг тийм харгислалаас чөлөөлөх болтугай! Мөн Либерид ачааны машин дэлбэрсний улмаас амиа алдсан бүх хүмүүсийн төлөө би залбирч байна.

Дайны улмаас зовж шаналж буй Украины ард түмэн, Палестин, Израилын хүмүүс, Суданы ард түмэн болон бусад олон хүний төлөө үргэлжлүүлэн залбирцгаая. Жилийн төгсгөлд зориг гарган өөрсдөөсөө “Зэвсэгт мөргөлдөөний улмаас хэчнээн хүн хохирсон бэ?” гэж асууцгаая. Хэдэн хүн амь үрэгдсэн бол? Мөн сүйрэл, зовлон зүдүүр, ядуурал хэр ихээр нэмэгдсэн бол? Эдгээр зөрчилдөөнөөс ашиг олж буй хүмүүс ухамсрынхаа дуу хоолойг сонсоосой. Мөн зовж зүдэрсэн Рохинжа хүмүүсийг ч мартаж болохгүй!

Жилийн өмнө Пап лам XVI Бенедикт амьсгал хураасан. Тэрээр Сүмд хайраар, мэргэн ухаанаар үйлчилснийхээ дараа дэлхий дээрх аяллаа арай эрт дуусгасан билээ. Бид түүнийг маш их хайрлаж, биширч, түүнд талархдаг. Тэр биднийг Тэнгэрээс адисалж, бидэнтэй хамт буй. XVI Бенедикт Папад зориулан алга ташицгаая!

Ромоос ирсэн бүх хүн, мөргөлчид, сүмийн бүлгүүд, холбоод, залуучуудтай мэндчилье. Өнөөдөр энд цугларсан, телевиз болон бусад харилцааны хэрэгслээр холбогдсон бүх гэр бүлд би онцгойлон мэндчилгээ дэвшүүлье. Гэр бүл бол нийгмийн үндсэн эс гэдгийг мартаж болохгүй. Түүнийг үргэлж хамгаалж, дэмжиж байх ёстой. Үргэлж!

Би Италийн 18 хүртэлх насны эрэгтэй волейболын шигшээ багийнхан болон, Умбриа дахь Марчеллано хотын Христ мэндэлсний баярын жүжгийн “дүрүүдтэй” мэндчилье.

Бүгдэд нь Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Би та бүхний гэр бүлийнхнийг адисалж, амар амгаланг хүсэн ерөөж байна. Миний төлөө залбирахаа бүү мартаарай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci!

31 December 2023, 12:39

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >