ҽ

2024.10.13 Angelus 2024.10.13 Angelus  (VATICAN MEDIA Divisione Foto)

АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2024 оны 10 сарын 13, Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!

Өнөөдрийн литургийн Сайн мэдээний айлдал (Марк 10, 17:30) Есүстэй тааралдсан баян залуугийн ​​тухай өгүүллээ. Тэр залуу Есүсээс: "Сайн Багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх вэ?" гэж асуусан (эшлэл 17). Есүс түүнд бүх зүйлээ орхиж, Өөрийг нь дага хэмээсэн боловч бичвэрт өгүүлсний дагуу “тэр маш их хөрөнгөтэй байсан” (эшлэл 23) тул гунигтайгаар холдон явсан. Бүх зүйлийг орхино гэдэг амаргүй.

Тэр залуугийн ​​хоёр хөдөлгөөнийг харцгаая. Эхэндээ тэр Есүс дээр гүйн ирдэг ч эцэстээ гунигтайгаар холдон явдаг. Тэр эхлээд гүйж ирсэн ч, дараа нь холдон явсан. Энэ талаар ярилцъя.

Зүрхнийх нь угаас ямар нэг зүйл түүнийг шавдуулсан мэт тэр залуу Есүс рүү гүйж очжээ. Үнэндээ тэр маш их хөрөнгөтэй хэр нь сэтгэл нь тавгүй, хангалуун бус байсан аж. Бүрэн дүүрэн амьдралыг тэр эрэлхийлж байлаа. Сайн мэдээний айлдалд гардаг өвчтэй болон чөтгөр шүглэсэн хүмүүсийн нэгэн адил (Марк 3:10; 5:6) тэр эр Багшийн хөлд сөгдсөн. Хэдий тэр баян боловч түүнд эдгэрэл хэрэгтэй байжээ. Есүс түүнийг хайрлан хараад (эшлэл 21) өөрийн гэсэн бүхнээ зарж, ядууст өгөөд Өөрийг нь дагах "эмчилгээг" санал болгодог. Гэвч энэ үед залуугийн ​​царай барайж, холдон явсан! Түүний Есүстэй уулзах хүсэл үнэхээр агуу бөгөөд хүчтэй байсан ч маш хүйтэн, хурднаар салан явсан юм.

Бид ч гэсэн зүрхэндээ аз жаргал, утга учиртай амьдрах дарагдашгүй хэрэгцээг тээдэг. Гэвч энэ хэрэгцээг материаллаг зүйл, дэлхийн үнэт эрдэнэсээр хангана хэмээн төөрөлдөх нь бий. Харин үүний оронд Есүс биднийг хүслүүдийн маань үнэн мөнд буцаан авчирч, бодит байдал дээр хүсэн тэмүүлж буй сайн сайхан маань Тэнгэрбурхан Өөрөө, биднийг гэсэн Түүний хайр ба зөвхөн Түүний бидэнд өгч чадах мөнх амьдрал гэдгийг мэдрүүлэхийг хүсдэг. Энэрэл хайраар дүүрэн Эзэний мэлмий дор амьдарч, Есүс баян залууг хайрлан ширтсэний адил нэгнээ хайрлаж, амьдралаа бусдад бэлэг болгон зориулах нь л жинхэнэ бөгөөд асар их эд баялаг юм. Ахан дүүс ээ, Есүс биднийг "хайрын эрсдэлийг үүрэхийг" уриалж байна. Бүхнээ зарж ядууст өгнө гэдэг нь хувиа хичээсэн бодол болон хуурамч баялгаас ангижирч, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст анхаарал тавихыг хэлнэ. Энэ нь зөвхөн эд зүйлийг хуваалцах бус, харин өөрсдийн авьяас чадвар, нөхөрлөл, цаг хугацааг хуваалцах байдлаар илэрч болно.

Ахан дүүс ээ, баян залуу эрсдэл үүрэхийг хүсээгүй. Гэвч тэр яг юуг эрсдэхийг хүссэнгүй вэ? Тэр хайрлах эрсдэлийг үүрэхийг хүсээгүй учраас гунигтайгаар холдон явсан. Харин бид яаж байна вэ? Өөрсдөөсөө асууцгаая. Бидний зүрх юунаас зуурч байна вэ? Амьдрал, аз жаргалыг гэх хүслийг бид хэрхэн хангах вэ? Ядуу, зовлон бэрхшээл тохиосон эсвэл сонсох чих, инээмсэглэл, найдвар хэрэгтэй хүмүүстэй бид өөрсдөөсөө хуваалцаж чаддаг билүү? Энэ ертөнцийн баялаг бол жинхэнэ баялаг биш, харин Тэнгэрбурханд хайрлагдаж, Түүн шиг хайрлаж сурах л жинхэнэ баялаг гэдгийг санаж явцгаая.

Амийн эрдэнэсийг Есүсээс олоход бидэнд тусална уу хэмээн Цэвэр охин Мариагийн зуучлан залбирлыг гуйцгаая.

Дараах үг

Эрхэм ахан дүүс ээ,

Ойрх Дорнодод болж буй үйл явдлын мэдээнүүд миний санааг зовоосоор байна. Дайны бүх фронтод нэн даруй галыг зогсоохыг дахин хүсэж байна. Энх тайванд хүрэхийн төлөө дипломат харилцаа, яриа хэлэлцээрийн замыг баримталцгаая.

Палестин, Израил, Ливаны бүх ард түмэн миний сэтгэлд ойр байгаа. Энэ улсуудад ажиллаж буй НҮБ-ын энхийг сахиулах хүчинд хүндэтгэлтэй хандахыг хүсье. Бүх хохирогч, дүрвэгсэд, барьцаалагдсан хүмүүсийн төлөө би залбирч байгаа. Тэднийг удахгүй суллагдана гэж найдахын сацуу үзэн ядалт, өс хонзонгийн улмаас үүссэн энэ утгагүй зовлон шаналал удахгүй дуусаасай хэмээн найдаж байна.

Ахан дүүс ээ, дайн хэзээ ч энх тайван, аюулгүй байдалд хүргэхгүй. Дайн бол эндүүрэл бөгөөд ялагдал. Дайн бүх хүний хувьд, ялангуяа өөрсдийгөө ялагдашгүй гэж үздэг хүмүүсийн хувьд ялагдал юм. Дайныг зогсоогооч хэмээн гуйж байна!

Дайнд энгийн ард иргэд л үргэлж хамгийн их хохирол амсдаг. Украинд болж буй агаарын цохилтыг зогсоогооч. Украинчуудыг хүйтэн жаварт бүү гаргаач. Гэмгүй хүмүүсийн амийг хөнөөхөө зогсоо!

Гаити улс дахь хүн амын эсрэг хүчирхийлэл үргэлжилж, иргэд нь гэрээсээ өөр газраас аюулгүй байдлыг эрэлхийлэхээс өөр аргагүй нөхцөлд орсон. Гаити ахан дүүсээ бид мартаж болохгүй. Хүчирхийллийн бүх хэлбэр зогсохын төлөө залбирцгаая. Тус улсын хүн бүрийн эрх болон эрхэм чанарыг үргэлж хамгаалж, энх тайван, эвлэрлийг тогтоохын төлөө үргэлжлүүлэн ажиллахыг би олон улсаас хүсэж байна.

Ром хотын иргэд, Италийн бусад хэсгээс болон олон орноос ирсэн мөргөлчид, ялангуяа Гэгээн Максимилиан Колбегийн үүсгэн байгуулсан Мариагийн цэргүүд бүлгэм, Ресуттано, Кальтанисеттагийн сүмүүд, Италийн Паралимпийн тамирчид болон тэдний хөтөч туслахууд, Pax Christi International хөдөлгөөнийхөнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Өнөө өглөө уулзсан Урбан коллежийн шинэ оюутнуудад дахин мэндчилье.

Ирэх Баасан гарагт буюу 10 сарын 18-нд “Зовлонд нэрвэгдсэн Сүмд туслах” сангаас “Дэлхий дахины энх тайвны төлөө сарнайн эрхин залбирал залбирах нэг сая хүүхэд” санаачилгыг зохион байгуулах гэж байна. Үүнд оролцох гэж буй охид хөвгүүддээ баярлалаа! Тэдэнтэй хамт Мариа эхийн даатгал залбиралд найдацгаая. Өнөөдөр түүний сүүлд Фатимад үзэгдсэний ой тохиож байна. Украйн, Мьянмар, Судан болон дайн, хүчирхийлэл, зовлонгоос болж шаналж буй бусад ард түмний төлөө Мариа эх маань залбирч өгөх болтугай.

Иммаколата бүлгэмийн залуучуудад мэндчилгээ дэвшүүлье. Энд Польш, Бразил, Аргентин, Эквадор, Франц улсуудын тугууд харагдаж байна... Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе!

Бүгдэд нь Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.

13 October 2024, 14:15

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >