ҽ

АРИУН ПАП ФРАНЦИСИЙН ЛЮКСЕМБУРГ БА БЕЛЬГИД ХИЙСЭН АПОСТОЛИК АЙЛЧЛАЛ (2024 оны 9 сарын 26-29)

Тэргүүн хамба ламын хэлсэн сайхан үгэнд баярлалаа. Мөн Эрхэм дээдэс Хаантан, Хатантан болон Люксембургийн Их Гүнтэн, Их Гүнгийн авхай нарт биднийг найрсгаар хүлээн авч сүүлийн өдрүүдэд бидэнтэй хамт байсанд талархал илэрхийлье.

Түүнчлэн, энэ айлчлалыг зохион байгуулахад хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлье. Ялангуяа айлчлалын төлөө залбирлаа өргөсөн ахмад настнууд болон өвчтэй хүмүүст баярлалаа.

Өнөөдөр бид "Тэнгэрбурхан өөрийн ард түмэнтэй хамт алхдаг" сэдэвтэй Цагаачид ба дүрвэгсдийн дэлхийн өдрийг тэмдэглэж байна. Олон цагаач Бельги улсыг зорьдог хэвээр байгаа. Тиймээс ч би Европ тив болон олон улсад хандаж, цагаачлалыг ахан дүүсийн холбоог бэхжүүлэн хамт өсөж хөгжих боломж гэж харахыг уриалж байна. Хүн төрөлхтний дунд зочин болон мөргөлч болон ирсэн Есүсийн нүүр царайг цагаач ахан дүүсээсээ олж харахыг та бүхэнд уриалъя.

Ливаны мөргөлдөөн улам өргөжиж, хурцдаж буйг хараад миний санаа ихээхэн зовнин, гуниглаж байна. Ливан хэмээх улс дайнд хагарч, энэ дайн ард түмэнд нь аймшигт хохирлыг учруулсаар. Ойрх Дорнодод хэт олон хүн өдөр бүр амиа алдаж байна. Бүгдээрээ хохирогчдын төлөө болон тэдний гэр бүлийнхний төлөө, энх тайвны төлөө залбирцгаая. Ливан, Газа, Палестины бусад хэсэг болон Израилд мөргөлдөөнийг нэн даруй зогсоохыг би бүх талуудад уриалж байна. Барьцаалагдсан хүмүүсийг суллаж, хүмүүнлэгийн тусламжийг оруул. Мөн дайнд нэрвэгдсэн Украин улсыг ч бид мартаж болохгүй.

Өнөөдөр Голланд, Герман, Францаас энд ирсэн олон хүнд маш их баярлалаа.

Энэ мөчид би та бүхэнтэй нэгэн мэдээг хуваалцмаар байна. Ром руу буцаж очоод би Будуа Хааныг Төгс жаргалт хэмээн өргөмжлөх үйл явцыг эхлүүлнэ. Итгэл бишрэлдээ үнэнч түүний үлгэр жишээ төрийн тэргүүнүүдэд ухаарал өгөх болтугай. Бельгийн хамба лам нар энэ үйл хэргийг урагшлуулахын төлөө хүчин чармайлт гаргахыг уриалъя.

Одоо хамтдаа Анжелус залбирлыг уншиж, Цэвэр охин Мариад хандацгаая. Анжелус залбирлыг өмнөх үеийнхэн маань түгээмэл залбирдаг байсан. Энэ уламжлалыг сэргээх хэрэгтэй. Энэ залбирал Христийн шашны нууцлаг чанарыг өөртөө агуулдаг. Өдөр тутмын ажлаа хийх явцдаа энэ залбирлыг залбирч байхыг Сүм бидэнд сургадаг. Ялангуяа залуучуудад үүнийг онцгойлон захья. Та бүгдийг Төгс Жаргалт Мариа эхэд даатгая. Түүнийг тахилын ширээний хажууханд Мэргэн Ухааны Суудал хэмээн дүрсэлжээ. Үнэхээр бидэнд Сайн мэдээний мэргэн ухаан маш их хэрэгтэй байна! Ариун Сүнснээс үргэлж мэргэн ухааныг гуйцгаая.

 

Мариа эхийн зуучлан залбирлаар дамжуулан дайнд нэрвэгдсэн Украин, Палестин болон Израил, Судан, Мьянмар болон дайнтай бусад нутагт энхийн бэлгийг хайрлахыг Тэнгэрбурханаас гуйцгаая.

 

Бүгдэд нь баярлалаа! Итгэл найдвар дүүрэн урагшилцгаая!

29 September 2024, 13:16

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >