ҽ

АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2024 оны 8 сарын 25, Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!

Өнөөдрийн литургийн Сайн мэдээний айлдал (Иохан 6:60-69) Гэгээн Петрийн Есүст хандан хэлсэн "Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна” (Иохан 6:68) хэмээх алдартай үгсийг бидэнд дамжууллаа. Эдгээр үгс үнэхээр гайхалтай! Энэ нь Христийн Петр болон шавь нартайгаа үүсгэсэн нөхөрлөл, итгэлийн маш сайхан илэрхийлэл байсан юм. "Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна". Тун сайхан үгс!

Есүс өөрийгөө “тэнгэрээс бууж ирсэн талх” (Иохан 6:41) хэмээн хэлсний дараах эгзэгтэй үед Петр дээрх хариултыг өгсөн. Есүсийн үгийг ойлгоход хэцүү байсан тул Түүнийг дагаж байсан олон хүн, тэр дундаа шавь нар нь хүртэл Түүнийг орхисон билээ.

Гэвч арван хоёр шавь нь Түүнийг орхиогүй. "Мөнх амийн үгс" Есүст байсан учраас тэд үлдсэн. Тэд Түүний номлохыг сонсож, үйлдсэн гайхамшгуудыг нь харж, олны өмнө байх үед нь ч, өдөр тутмын мөчүүдэд нь ч үргэлжлүүлэн Түүнтэй хамт амьдарсаар байв (Марк 3:7-19).

Шавь нар нь Багшийнхаа юу хэлж, юу хийж байгааг тэр бүр ойлгодоггүй. Заримдаа тэд Есүсийн энэрэл хайрын парадокс (Матай 5:38-48), өршөөл нигүүлслийнх нь эрс шаардлагууд (Матай 18:21-22), Өөрийгөө бүх хүнд өгөх радикал аргыг нь хүлээн зөвшөөрч яддаг байлаа. Тэр бүгдийг ойлгоход амаргүй байсан ч тэд Есүст үнэнч үлдсэн. Есүсийн сонголтууд ихэвчлэн нийтлэг үзлээс хальж, шашин шүтлэг, ёс заншлын үндсэн зарчмуудыг давж байсан бөгөөд хүмүүсийг өдөөн хатгаж, санаа зовоосон нөхцөл байдлуудыг бий болгодог байлаа (Матай 15:12). Түүнийг дагах амаргүй.

Гэсэн хэдий ч тэр үеийн олон багш дундаас Петр болон бусад элч нар амь, баяр баясгалан, хайрын төлөөх цангааг зөвхөн Есүс тайлна гэдгийг ойлгожээ. Зөвхөн Түүний ачаар л тэд нүгэл болон үхлийн хязгаарыг давж, хайж байсан дүүрэн амьдралаа олсон аж. Тиймээс тэд Есүсийг орхиогүй. Нэг шавиас бусад нь олон алдаж, олон гэмшсэн ч эцсээ хүртэл Түүнтэй хамт байсан (Иохан 17:12).

Ахан дүүс ээ, энэ бидэнд ч хамаатай. Эзэнийг дагах, Түүний арга замуудыг ойлгох, шалгуур, үлгэр жишээг нь өөрийн болгох гэдэг амаргүй зүйл. Шашны хариуцлагатнуудын хувьд ч энэ амаргүй. Гэхдээ бид Түүний Сайн мэдээг баримталж, ариун ёслолуудаар дамжуулан хишиг ивээлийг нь хүлээн авч, залбирлаар Түүнтэй хамт байж, даруу, энэрэнгүй байдлыг нь дуурайх тусам Түүнд ойртож нөхөрлөлийнх нь сайхныг мэдрэх болно. Зөвхөн Түүнд л “мөнх амийн үгс” байгаа гэдгийг бид ухаарна.

Тиймээс өөрсдөөсөө дараах асуултуудыг асууцгаая. Есүс миний амьдралд хэр ойр байна вэ? Түүний үгс надад хүрч, намайг хөдөлгөхийг би зөвшөөрч байна уу? “Мөнх амийн үгс” надад ч бас зориулагдсан хэмээн би хэлж чадах уу? Есүсийн үгс таны хувьд мөнх амийн үгс мөн үү?

Тэнгэрбурханы Үг болох Есүсийг өөрийн биед хүлээн авсан Мариа эх Түүнийг сонсож, хэзээ ч орхихгүй байхад маань бидэнд туслах болтугай.

Дараах үг

Эрхэм ахан дүүс ээ!

Өдгөө дэлхий даяар эрүүл мэндийн онцгой байдал үүсгээд байгаа Mpox (сармагчингийн цэцэг) өвчинд нэрвэгдсэн олон мянган хүн миний сэтгэлд ойр байгааг илэрхийлмээр байна. Халдвар авсан хүмүүс, ялангуяа ихээр зовж шаналж буй Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын ард түмний төлөө би залбирч байгаа. Энэ өвчинд хамгийн их нэрвэгдсэн улс орнуудын сүмүүдэд эмгэнэл илэрхийлье. Хүн бүрд хангалттай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн тулд боломжит технологи, эмчилгээний хүрэлцээг хангаж өгөхийг засгийн газар болон хувийн үйлдвэрүүдэд уриалж байна.

Есүст үргэлжлүүлэн найдахыг Никарагуагийн эрхэм ард түмэнд уриалмаар байна. Ариун Сүнс хүмүүсийг үргэлж илүү агуу үйлс рүү чиглүүлдэг гэдгийг санаарай. Цэвэр Охин Мариа та бүхнийг сорилт бэрхшээлийн үед хамгаалж, эхийн энхрийллийг мэдрүүлэх болтугай. Тэр Никарагуагийн хайрт ард түмнийг дагалдан явах болтугай.

Украин, ОХУ-д болж буй тулалдаан миний харууслыг төрүүлж байна. Украинд саяхан батлагдсан хуулиас болж залбирдаг хүмүүсийн эрх чөлөө хязгаарлагдах вий хэмээн би санаа зовж байна. Үнэхээр залбирдаг хүмүүс үргэлж бүхний төлөө залбирдаг. Залбирал бол муу зүйл биш. Хэрэв хэн нэгэн хүн ард түмнийхээ эсрэг хорон муу үйл хийвэл тэр түүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой. Гэвч залбирснаас болж хорон муу зүйл хийдэг хүн гэж үгүй. Тиймээс залбирахыг хүсэж буй хүмүүст өөрсдийн сүмдээ залбирах боломжийг олго. Христийн сүмийг шууд болон шууд бусаар татан буулгахгүй байхыг хүсье. Сүмүүдэд хүрч болохгүй ээ!

Палестин, Израил, Мьянмар болон бусад бүс нутагт өрнөж буй дайнууд дуусгавар болохын төлөө залбирцгаая. Хүмүүс энх тайванг хүсэж байна! Эзэн бидэнд энх тайванг өгөхийн төлөө залбирцгаая.

Ром хотын ард түмэн, Италийн бусад хэсгээс болон олон орноос ирсэн мөргөлчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэр дундаа Хойд Америкийн коллежийн шашны сургуулийн оюутнуудтай мэндчилж, тэдний аялалд амжилт хүсэхийн сацуу санваартны амьдралаа баяр хөөртэйгөөр амьдраарай гэж захъя. Жинхэнэ залбирал бидэнд баяр баясгаланг өгдөг. Саад бэрхшээлийг даван туулж чадна гэдгийг батлах зорилгоор “тэгш оролцооны төлөөх буухиа”-д оролцож буй хөдөлгөөн болон танин мэдэхүйн бэрхшээлтэй залууст мэндчилгээ дэвшүүлье. Мөн миний найзууд болсон Иммаколата бүлгэмийн залууст энэ өдрийн мэндийг хүргэе.

Бүгдэд нь Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.

25 August 2024, 14:50

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >