ҽ

НИЙТИЙН БАРААЛХАЛ Гэгээн Петрийн талбай 2024 оны 6 сарын 26, Лхагва гараг

Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөрт зориулсан Католик шашны сургаал номлол.

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1987 онд энэ өдрийг Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг гаргасан билээ. Энэ жилийн сэдэв нь урьдчилан сэргийлэх ажилд хөрөнгө оруулах нэн чухал хэрэгцээнд анхаарлаа хандуулж байна.

II Иохан Паул Гэгээнтэн “Хар тамхины хэрэглээ дэлгэрсэн газрууд ядуурч доройтдог. Мансууруулах бодисын хэрэглээ хүний ​​хүч, ёс суртахуунт байдлыг сулруулдаг агаад эрхэм үнэт зүйлсийг нурааж байдаг. Амьдарч, нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулах хүний хүсэл эрмэлзлийг бодисын хэрэглээ үгүй хийдэг" хэмээсэн.[1] Эдгээр нь эргээд хар тамхи, мансууруулах бодисын хэтэрсэн хэрэглээнд хүргэдэг. Гэвч донтогч бүр "өөрийн гэсэн өвөрмөц түүхтэй бөгөөд бид тэднийг сонсож, ойлгож, хайрлаж, аль болох эдгээж, эрүүлжүүлэх ёстой. Тэнгэрбурханы хүүхдүүд болохынхоо хувьд тэдний эрхэм чанар хувиршгүй" гэдгийг санацгаая.[2] Хүн бүр эрхэм чанартай.

Тэглээ гээд хар тамхины наймаачдын хорон санаа, үйлдлүүдийг бид тоохгүй өнгөрч болохгүй. Тэд бол алуурчид! Пап XVI Бенедикт нөхөн сэргээх төвд зочлох үеэрээ, "Нийгмийн бүх давхаргын тоо томшгүй олон залуус, насанд хүрэгчдэд учруулж буй ноцтой хор хөнөөлийнхөө талаар эргэцүүлэхийг би хар тамхины наймаачдаас шаардаж байна. Та нар Тэнгэрбурханы өмнө хийсэн үйлдлээ тайлбарлах хэрэгтэй болно. Хүний эрхэм чанарыг ингэж уландаа гишгэж болохгүй” хэмээх хатуу үгсийг хэлсэн.[3]  Хар тамхи хүний ​​эрхэм чанарыг уландаа гишгэж орхидог.

Мансууруулах бодисын хэрэглээг либералчлах нь донтолтыг бууруулна гэдэг худлаа. Зарим улс оронд аль хэдийн хэрэгжиж эхэлсэн энэ санааны уршгаар хар тамхины хэрэглээ нэмэгдсэн. Мансууруулах бодист донтсон хүмүүс болон тэдний ар гэрийнхний олон эмгэнэлтэй түүхийг би мэднэ. Тийм ч учраас тэрхүү аюултай бодисуудыг үйлдвэрлэх, худалдаалах явдлыг таслан зогсоох нь ёс суртахууны үүрэг гэж би боддог. Хар тамхины наймаачид бол ямар ч үнээр хамаагүй эрх мэдэл, мөнгөний төлөө явдаг үхлийн наймаачид мөн. Үхлийн наймаачид ямар олон байна вэ! Хүчирхийллийг бий болгож, зовлон зүдүүр, үхлийг тарьдаг энэ гамшигтай тэмцэхийн тулд нийт нийгэм эр зоригтой  байх шаардлагатай.

Мансууруулах бодисын үйлдвэрлэл, наймаа нь бид бүгдийн гэр болсон Дэлхийд ч хор нөлөөтэй. Жишээлбэл, Амазоны сав газарт энэ улам бүр тодорхой харагдаж байна.

Мансууруулах бодистой тэмцэх өөр гол арга нь урьдчилан сэргийлэлт юм. Үүнийг шударга ёсыг дэмжих, залуу хүмүүсийг хувийн болон нийгмийн амьдралыг бий болгогч үнэт зүйлсэд сургах, тусламж хэрэгтэй хүмүүстэй хамт байх болон ирээдүйд найдвар төрүүлэх замаар хийнэ.

Янз бүрийн шашны хүрээ болон улсуудад Апостолик айлчлал хийх үеэрээ би Сайн мэдээний зарчмын дагуу үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн нөхөн сэргээх төвд зочилсон. Тэд бол Сайн Самари хүний зарчмаар амьдарч буй санваартан, сахилтан, эгэл сүсэгтнүүдийн хүчтэй бөгөөд найдвар төрүүлэм төлөөлөл билээ. Мөн хар тамхинд донтсон хүмүүсийг эмчлэхэд, энэ гамшгийг таслан зогсооход чиглэсэн шударга хууль тогтоомж, бодлогыг сурталчлах чиглэлээр хамба лам нарын чуулгануудаас хийж буй ажлууд миний сэтгэлийг тайтгаруулж байна.

Тэдний нэг жишээ болсон La Pastoral Latinoamericana de Acompañamiento y Prevención de Adicciones (plapa) салбар байгууллагуудын дүрэм “архи, сэтгэцэд нөлөөлөх бодисын болон бусад төрлийн донтолт (садар самуун, шинэ технологи гэх мэт) нь газарзүйн байршил, нийгэм, соёл, шашин шүтлэг, насны ялгаанаас үл хамааран бидэнд нөлөөлдөг асуудал” болохыг хүлээн зөвшөөрчээ. “Бид хоорондоо ялгаатай байсан ч...хамтдаа нэгдэж туршлага, урам зориг, хүндрэл бэрхшээлүүдээ хуваалцахыг хүснэ” гэж тэд бичжээ. [4]

Мөн 2023 оны 11 сард “Амар амгалан, найдварын төлөөлөгч болох залуучуудыг чадавхжуулах нь” сэдвээр уулзалт хийсэн Өмнөд Африкийн хамба лам нарыг дурдмаар байна. Уулзалтад оролцсон залуучуудын төлөөлөл уулзалтыг “Бүс нутгийн хэмжээнд залуучуудыг эрүүл, идэвхтэй байлгахад чиглэсэн чухал үйл явдал боллоо” гэж тодорхойлсон. Хамба лам нар: "Бид мансууруулах бодисын хэрэглээтэй тэмцэх ажилд төлөөлөх, дэмжих үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрч байна. Залуусыг нэгнийхээ оронд өөрсдийгөө тавьж үзэн, нэгнээ ойлгох сэтгэлтэй байхыг хүсэж байна" гэсэн юм. [5]

Эрхэм ахан дүүс ээ, дэлхий даяар сая сая хүн хар тамхинд донтох эмгэнэлт нөхцөл байдалтай тулгарч байна. Хар тамхины хууль бус үйлдвэрлэл, наймааны дуулиантай нүүр тулсан бид үүнд хайхрамжгүй хандаж болохгүй. Бидний Эзэн Есүс түр азнаад, хүмүүст ойртож, тэдний шархыг эдгээдэг байсан. Түүний ойр дотно хэв маягийг бид ч мөн даган дуурайх учиртай. Бид сул дорой, зовж буй хүмүүсийн өмнө түр азнаад, ганцаардал шаналлын орь дууг нь сонсож, тэднийг босгож, хар тамхины боолчлолд орсон нэгнийг буцаан амьдруулахад туслах ёстой. [6] Залуу хүмүүст хар тамхи өгдөг гэмт хэрэгтнүүдийн төлөө залбирцгаая. Тэд бол гэмт хэрэгтнүүд, алуурчид мөн! Тэдний зүрх өөрчлөгдөөсэй хэмээн залбирцгаая.

Мансууруулах бодисын хэрэглээний эсрэг олон улсын энэ өдөр Христэд итгэгч бид болон сүмийн бүлгүүд хамтдаа хар тамхины эсрэг ажил үйлс, залбирлаа сэргээцгээе. Баярлалаа!

 

Тусгай мэндчилгээ

Энд ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчид болон зочид, ялангуяа Англи, Герман, Конго, Австрали, Энэтхэг, Филиппин, Вьетнам, Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн хүмүүст халуун мэндчилгээ дэвшүүлье. Ялангуяа олон оюутны бүлэг болон тэдний багш нарт энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн болон гэр бүлийнхэнд нь би бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг дуудан залбирч байна. Тэнгэрбурхан та бүхнийг ивээх болтугай!

Эцэст нь миний бодол залуучууд, өвчтэй хүмүүс, өндөр настнууд болон шинээр гэрлэсэн хүмүүст хандаж байна. Энэ бямба гарагт бид Ром хотыг ивээгч Петр, Паул гэгээнтнүүдийг дурсан мөргөл үйлдэх болно. Тэдний үлгэр жишээг дагаж, дайны улмаас зовж шаналж буй Украйн, Палестин, Израил, Мьянмар зэрэг улсын хүмүүс удахгүй дахин амар амгаланг олохын тулд тэдэнд Тэнгэрбурханы хайрыг гэрчлээрэй.

Би та бүхнийг адисалъя.

 

Ариун Эцэгийн үгсийн хураангуй

Эрхэм ахан дүүс ээ, өнөөдөр бид Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тэмдэглэж байна. Энэ жилийн сэдэв нь урьдчилан сэргийлэх ажилд хөрөнгө оруулах хэрэгцээнд анхаарлаа хандуулж буй. Мансууруулах бодисын донтолт нь тухайн хүний эрхэм чанарт төдийгүй нийгмийн сайн сайханд сөргөөр нөлөөлдөг нийгмийн гамшиг билээ. Хар тамхины хууль бус худалдаа, түүнээс үүдэлтэй хор хөнөөлтэй тэмцэхийн зэрэгцээ түүнээс урьдчилан сэргийлэх, хохирогчдод дэмжлэг туслалцаа үзүүлэхэд илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай байна. Сайн мэдээний зарчмын дагуу хар тамхины хэрэглээнд боолчлогдсон хүмүүсийг эдгээх, нөхөн сэргээх сүлжээ, хөтөлбөрүүдийг бий болгож, тэр дундаа залуучуудын хар тамхины хэрэглээний тархалтыг зогсоох хууль тогтоомжийн санаачилгыг дэмжин ажиллаж байгаа хувь хүн, бүлгүүдийн хүчин чармайлтыг бид өнөөдөр сайшааж байна. Хувьдаа болон Сүмээрээ нийлж тэднийг залбирлаараа дэмжин ажлыг нь урамшуулцгаая.

06 June 2024, 18:27

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >