ҽ

НИЙТИЙН БАРААЛХАЛ Гэгээн Петрийн талбай 2024 оны 6 сарын 5, Лхагва гараг

Католик шашны цуврал хичээл. Ариун Сүнс ба сүйт бүсгүй. Ариун Сүнс Тэнгэрбурханы хүмүүс биднийг найдвар болсон Есүс рүү удирдан залдаг. 2. “Салхи дуртай газраараа үлээдэг”. Тэнгэрбурханы Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө байдаг

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Өнөөдөр би та бүхэнтэй хамт Библи дэх Ариун Сүнсний нэрсийн тухай эргэцүүлэн бодохыг хүсэж байна.

Хэн нэгэнтэй танилцахдаа бид хамгийн түрүүнд нэрийг нь мэдэж авдаг. Хүнийг бид нэрээр нь дуудаж, нэрээр нь түүнийг бусдаас ялгаж санадаг. Ариун Гурвалын гурав дахь бодгаль ч бас нэртэй бөгөөд түүнийг Ариун Сүнс гэдэг. Гэхдээ "Сүнс" гэдэг нь латин хэлээр орчуулагдсан үг юм. Эш үзүүлэгчид, дууллыг зохиогчид, Мариа, Есүс, элч нар гэх мэт Сүнсийг анх хүлээн авсан хүмүүс түүнийг Ruach (Руах) хэмээх нэрээр дууддаг байжээ. Энэ нь амьсгал, салхи, агаар гэсэн утгатай.

Библид нэр маш чухал бөгөөд тухайн хүнийг илэрхийлдэг гэхэд болно. Тэнгэрбурханы нэрийг ариун байлгана гэдэг нь Тэнгэрбурханыг Өөрийг нь ариун хэмээн хүндэлж буй хэрэг билээ. Нэр хэзээ ч ердийн нэг тэмдэглэгээ байдаггүй бөгөөд үргэлж тухайн хүн, түүний гарал үүсэл, томилгооны талаар ямар нэг зүйлийг өгүүлж байдаг. Руах гэдэг нэр ч мөн адил. Энэ нэр Ариун Сүнс ба түүний үүргийн талаарх суурь үнэнийг анхлан илчилсэн юм.

Тэнгэрбурханаар удирдуулсан Библийн бичээчид салхийг ажиглах замаар өөр нэгэн "салхийг" олж илрүүлжээ. Пентекостын баяраар Ариун Сүнс элч нар дээр ‘Хүчит хуй салхи мэт чимээтэйгээр’ бууж ирсэн нь санамсаргүй хэрэг биш (Үйлс 2:2). Энэ эшлэлээр дамжуулан Ариун Сүнс өөрийн мөрийг үлдээхийг хүссэн мэт санагдана.

Тэгвэл Ариун Сүнсний Руах гэх нэр бидэнд түүний талаар юуг өгүүлж байна вэ? Салхины дүрслэл нь нэн түрүүнд Ариун Сүнсний хүчийг илэрхийлдэг. Салхи бол далайг ч хөдөлгөж чадах дийлдэшгүй, няцашгүй хүч учраас "Сүнс ба хүч" эсвэл "Сүнсний хүч" гэх үгс Библид дахин дахин давтагддаг.

Гэвч Библид илэрхийлэгдсэн үнэнийг бүрэн олж мэдэхийн тулд Хуучин Гэрээгээр зогсохгүй, Есүсийн амьдралыг хүүрнэсэн Шинэ гэрээг судлах ёстой. Хүчнээс гадна салхины өөр нэг шинж чанарыг Есүс онцлон тэмдэглэсэн нь эрх чөлөө байлаа. Есүс дээр шөнөөр ирсэн Никодемд Тэр ийн хэлдэг: «Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр ийм л байдаг” (Иохан 3:8).

Салхи бол огтхон ч хазаарлах боломжгүй, "савлаж" эсвэл хайрцагт хийх боломжгүй цорын ганц зүйл. Бид салхийг "савлаж" хайрцагт хийхийг хүсдэг ч энэ нь боломжгүй. Тэр эрх чөлөөтэй. Ариун Сүнсийг ухагдахуун, тодорхойлолт, таамаглал, эрдэм шинжилгээний бүтээлд багтаах гэж оролдох явцдаа орчин цагийн рационализм Түүнийг алдаж, үгүйсгэж эсвэл энгийн нэг хүний ​​сүнсний хэмжээнд хүртэл бууруулжээ. Сүм дотор ч Ариун Сүнсийг хууль, институц, тодорхойлолт дотор хязгаарлах гэсэн уруу таталтууд бий. Институцуудыг үүсгэж, амь өгдөг нь Сүнс ч гэлээ, Түүнийг “институцчилж”, “эд зүйл мэт” үзэх боломжгүй юм. Салхи "дуртай газраараа" үлээдэгчлэн Сүнс бэлгүүдээ "өөрийн хүссэнчлэн" хуваарилна (1 Коринт 12:11).

Гэгээн Паул үүнийг Христэд итгэгчийн үйлдлийн үндсэн хууль болгожээ. Тэр “Эзэний Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө байдаг” (2 Коринт 3:17) хэмээсэн. Эрх чөлөөт хүн, эрх чөлөөт Христийн сүсэгтэн бол Эзэний Сүнстэй нэгэн юм. Энэ бол нийтлэг ойлголтоос тэс өөр, маш онцгой эрх чөлөө. Энэ нь хүссэн бүхнээ хийх бус, харин Тэнгэрбурханы хүсдэг зүйлийг хийх эрх чөлөө юм! Сайн эсвэл муугийн аль нэгийг хийх бус, харин сайныг албадлагаар бус хүслээрээ хийх эрх чөлөө. Өөрөөр хэлбэл боолд бус, хүүхдэд өгөгддөг эрх чөлөө.

Гэгээн Паул энэхүү эрх чөлөөг буруугаар ойлгож, ашиглах боломжтойг сайн мэдэж байв. Тэр Галатчуудад хандан “Ах дүү нар аа, та нар эрх чөлөө өөд дуудагдсан юм. Гэхдээ та нар эрх чөлөөгөө махбодын төлөөх таатай боломж болгож бүү ашигла. Харин бие биедээ хайраар үйлчил” (Галат 5:13) гэж бичсэн. Үйчлэл гэдэг эрх чөлөөний эсрэг зүйл мэт харагдах ч, үйлчлэл дотор жинхэнэ эрх чөлөө байдаг.

Энэ эрх чөлөө хэзээ “махбодын төлөөх таатай боломж” болдгийг бид сайн мэднэ. Паул, “завхайрал, бузар тачаал, садарлал, шүтээн шүтлэг, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, харгалдаан, хагарал, тэрс үзэл, атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг” өнөө цагт ч хамаатай зүйлсийг дурдсан (Галат 5:19-21). Эдгээрээс гадна баячууд ядуусыг, хүчтэй нь сул доройгоо мөлжих боломжийг олгодог муухай эрх чөлөө бий. Хүн бүрд шийтгэлгүйгээр байгаль орчныг мөлжих боломжийг олгодог эрх чөлөө ч энд хамаатай. Ийм эрх чөлөө бол Сүнсний эрх чөлөө биш.

Ахан дүүс ээ, хувиа хичээх эрх чөлөөний эсрэг Сүнсний эрх чөлөөг бид хаанаас олох вэ? Хариулт нь Есүсийн өөрийг нь сонсож байсан хүмүүст хандан хэлсэн үгс дотор бий: “Иймээс Хүү та нарыг чөлөөлбөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно.” (Иохан 8:36). Есүсийн бидэнд өгсөн эрх чөлөө ийм. Ариун Сүнсээр дамжуулан биднийг хайр, баяр баясгалангаар дүүрэн, бусдад үйлчлэх жинхэнэ эрх чөлөө бүхий эрэгтэй, эмэгтэй хүмүүс болгохыг Есүсээс гуйцгаая. Баярлалаа.

 

Тусгай мэндчилгээ

Өнөөдөр энд ирсэн хүмүүс, ялангуяа Англи, Шотланд, Нидерланд, Камерун, Австрали, Малайз, Канад, Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчид болон зочдод халуун мэндчилгээ дэвшүүлье. Та бүгдэд болон гэр бүлийнхэнд нь би бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг дуудан залбирч байна. Тэнгэрбурхан та бүгдийг ивээг!

 

УРИАЛГА

Өдгөө бид Есүсийн Ариун зүрхэнд зориулсан сарыг тэмдэглэн өнгөрөөж байна. Өнгөрсөн оны 12 сарын 27-нд Есүсийн Ариун зүрх Маргарет Мэри Алакок Гэгээнтэнд анх үзэгдсэний 350 жилийн ой тохиосон. Тэр өдрөөс эхэлсэн баяр ёслолын үе ирэх оны 6 сарын 27-нд дуусах юм. Есүсийн Ариун зүрхтэй холбоотой өмнөх Папуудын албан ёсны сургаал номлолууд болон Ариун Сударт суурилсан уламжлалт нандин эргэцүүллүүдийг нэгтгэсэн нэгэн баримт бичгийг би бэлтгэж байгаа бөгөөд үүндээ их баяртай байгаа. Сүнслэг гоо сайхнаар дүүрэн тэрхүү сүсэглэл Сүм дотор дахин сэргээсэй гэсэндээ би энэ ажлыг хийж байна. Зүрхгүй болсон мэт харагдах энэ хорвоод утга учрыг өгч, Сүмийн шинэчлэлийн замыг гэрэлтүүлж чадах Эзэний хайрыг олон талаас нь эргэцүүлэх нь бидэнд ихээхэн тус болно гэдэгт би итгэлтэй байгаа. Ирэх есдүгээр сард баримт бичгийг олон нийтэд ил болгохтой холбоотой бэлтгэл ажилд залбирлаараа надтай хамт байхыг та бүхнээс хүсье.

 

Ариун Эцэгийн үгсийн хураангуй

Эрхэм ахан дүүс ээ, Сүнс ба сүйт бүсгүйн талаарх үргэлжилсэн хичээлийнхээ хүрээнд бид одоо Библид Ариун Сүнсийг хэрхэн нэрлэсэн байдгийг авч үзнэ. Ариун Сүнсийг еврей хэлээр амьсгал, салхи, сүнс гэсэн утгатай Руах хэмээх нэрээр дууддаг. Энэ нэр нь Сүнсний онцгой хүч, эрх чөлөөг онцолдог. Есүс Сүнсийг дуртай газраараа үлээдэг салхитай зүйрлэсэн. Ингэснээрээ Тэр бүтээж, төрүүлдэг атлаа эрх чөлөөтэй хэвээр үлдэн, өөрийн бэлгүүдийг “хүссэнчлэн” хуваарилдаг Сүнсний чөлөөт байдлыг онцолжээ (1 Коринт 12:11). Гэгээн Паул ч үүнийг баталж, "Эзэний Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө байдаг" гэсэн (2 Коринт 3:17). Энэ эрх чөлөө бидэнд бэлэг болж өгөгджээ. Энэ нь зөвхөн өөрсдийн хүслийг дагах бус, харин Тэнгэрбурханы хүслийг биелүүлэх эрх чөлөө юм. Хувиа хичээх эрх чөлөөний эсрэг Сүнсний эрх чөлөөг бид хаанаас олж авах вэ? Хариулт нь Есүсийн дагалдагч нартаа хандан хэлсэн, “Иймээс Хүү та нарыг чөлөөлбөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно” (Иохан 8:36) гэх үгс дотор бий. Ариун Сүнсээр дамжуулан биднийг хайр, баяр баясгалангаар дүүрэн, бусдад үйлчлэх жинхэнэ эрх чөлөө бүхий хүмүүс болгохыг Есүсээс гуйцгаая.

05 June 2024, 18:17

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >