ҽ

НИЙТИЙН БАРААЛХАЛ VI Паулын Танхим 2024 оны 5 сарын 15, Лхагва гараг

Католик шашны цуврал хичээл. Гаж буруу ба эрдэм буян. 19. Энэрэл хайр

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Өнөөдөр бид теологийн эрдэм буянуудын гурав дахь нь болох энэрэл хайрын тухай ярих болно. Өмнө нь бид итгэл бишрэл, горьдол найдварын талаар ярьсан бол өнөөдөр энэрэл хайрын тухай ярина. Энэ сэдэв бол бидний судалж буй эрдэм буяны талаарх үргэлжилсэн хичээлийн оргил нь билээ. Энэрэл хайрын тухай бодох үед бидний зүрх болон санаа сэтгэл нэн даруй өргөжин тэлдэг агаад, Гэгээн Паулын Коринтчуудад зориулан бичсэн нэгдүгээр захидалд гардаг хайрын магтуу санаанд ордог. Тэрхүү гайхамшигт магтууны төгсгөлд Гэгээн Паул теологийн гурван эрдэм буяныг дурдаж, "Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг ч хамгийн агуу нь хайр мөн” хэмээсэн (1 Коринт 13:13).

Паул тэдгээр үгсийг ахан дүүсийн хайраар тарчиг нийгэмд хандан бичсэн. Коринт дахь Христэд итгэгч нар хоорондын маргаан зөрчилдөөн ихтэй байсан бөгөөд, тэдний дунд үргэлж өөрсдийн бодлыг зөв гэж боддог, бусдыг дорд үзэн сонсдоггүй хүмүүс байсан ажээ. Паул тэдэнд мэдлэг ихэрхүүлдэг бол хайр босгодог гэдгийг сануулсан (1 Коринт 8:1). Дараа нь тэр Христийн сүсэгтнүүдийн нэгдлийн мөч болсон Эвхарист буюу "Эзэний оройн зоогтой” холбоотой дуулианыг тэмдэглэжээ. Эвхаристын үеэр ч хүмүүс хуваагдаж байсан бөгөөд юу ч үгүй хүмүүсийг эс тооцвол, мөргөлийг далимдуулан идэж уудаг хүмүүс ч байсан аж (1 Кор 11:18-22). Үүний хариуд Паул: “Тиймээс та нарын хамтдаа цуглах нь Эзэний зоогийг идэхийн тулд биш юм” (ишлэл 20) гэсэн хатуу үгсийг хэлсэн. Паул тэднийг Эзэний оройн зоогийг биш, онгон шүтэгчдийн өөр зан үйлийг үйлдэж байна гэж зэмлэжээ.

Коринтчуудын хэн нь ч өөрийгөө нүгэл үйлдсэн гэж бодоогүй бөгөөд Элч Паулын хатуу үгс тэдэнд ойлгомжгүй санагдсан байж болох юм. Тэднээс хайрын талаар асуувал тэд бүгд өөрсдийгөө сайн хүмүүс гэдэгт итгэлтэйгээр, хайрыг нөхөрлөл, гэр бүлийн адил маш чухал үнэт зүйл хэмээн хариулах байсан биз. Өнөө үед ч хайр гэх үг олон “нөлөөлөгчийн” аманд, олон дууны үгэнд бий. Бид хайрын тухай маш их ярьдаг. Гэвч хайр гэж яг юу юм бэ?

Паул Коринт дахь Христэд итгэгч нараас, "Нөгөө хайр нь яасан бэ?" гэж  асууж байх шиг санагддаг. Тэр нь хөөрсөн биш, харин доош буудаг; авдаг биш, харин өгдөг; үзэгддэг биш, харин нуугдмал байдаг хайр юм. Коринтчууд төөрөлдсөн байгаад, зөвхөн Тэнгэрбурханаас ирдэг энэрэл хайрын тэнгэрлэг эрдэм буян хүмүүсийн дунд байхгүй байгаад Паул санаа зовж байжээ. Энэ нь өнөөгийн бидэнд ч хамаатай. Хүмүүс өөрсдийгөө сайн хэмээж, гэр бүл, найз нөхдөө хайрладаг гэж амаараа хэлэх авч бодит байдал дээр тэдэнд Тэнгэрбурханы хайрын талаарх ойлголт өчүүхэн байлаа.

Эртний Христэд итгэгч нар хайрыг тодорхойлох хэд хэдэн грек үгтэй байсан. &ܴdz;Агапе&ܴdz; гэх үг эцэстээ гарч ирсэн бөгөөд үүнийг бид "энэрэл хайр" гэж орчуулдаг. Учир нь сүсэгтнүүд бүхий л хэлбэрийн хайраар хайрлах чадвартай билээ. Тэд бусдын л адил их бага хэмжээгээр хайрлаж дурладаг. Тэд анд нөхдийн хоорондох сайхан сэтгэлийг мэдэрдэг. Мөн тэд эх орноо хайрлах хайр, хүн төрөлхтнийг хайрлах хайрыг мэдэрдэг. Гэвч тэдгээрээс илүү агуу, Тэнгэрбурханаас ирдэг, Түүнд чиглэсэн хайр бий. Тэр бидэнд Тэнгэрбурханыг хайрлах, Түүний найз нөхөд болох, Тэнгэрбурханы хайраар хөршөө хайрлах, Тэнгэрбурхантай нөхөрлөх боломжийг бидэнд олгодог. Христээс үүдэлтэй энэхүү хайр биднийг явахыг хүсдэггүй газар луу маань ч хөтөлдөг. Тэр биднийг ядуу, хайр татам бус хүмүүс болон биднийг тоодоггүй, бидэнд талархдаггүй хүмүүсийг хайрлахад хүргэдэг. Тэр бол хайрлахыг хүсдэггүй хүмүүсээ, тэр ч байтугай дайснаа хайрлах хайр юм. Дайснаа хүртэл шүү. Тийм ч учраас түүнийг "тэнгэрлэг" гэдэг юм. Энэрэл хайр Тэнгэрбурханаас ирсэн бөгөөд Ариун Сүнсний бидний дотор хийж буй ажил билээ.

Есүс уулан дээрээс бидэнд: “Хэрэв та нар өөрсдийг чинь хайрлагсдыг л хайрлавал ямар гавьяа та нарт байх вэ? Нүгэлтнүүд хүртэл өөрсдийг нь хайрлагсдыг хайрладаг шүү дээ” гэж номлосон (Лук 6:32-33). Мөн Тэр "дайснуудаа хайрла" гэсэн. Хүмүүс бид дайснуудаа муугаар ярьж зуршсан байдаг шүү дээ. "Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал чинь агуу болоод та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болон ёрын муу хүмүүст ч аятайхан ханддаг юм” (ишлэл 35). "Дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл" хэмээх эдгээр үгсийг санаж явцгаая. Үүнийг мартаж болохгүй!

Ийнхүү хайр нь энэрэл хайр хэмээх тэнгэрлэг эрдэм буян болдог. Хайр бол энэрэл. Тэнгэрбурханы дотор амьдардаггүй хүнд энэрэн хайрлах хэцүү, боломжгүй зүйл гэдгийг бид үтэр түргэн ухаардаг билээ. Хүмүүс бид сайн сайхан бүхнийг аяндаа хайрладаг. Идеал эсвэл агуу хайрын төлөө өгөөмөр, баатарлаг үйлсийг ч хийж чаддаг. Гэвч Тэнгэрбурханы хайр ямар нэг шалгуураас давуу. Христийн энэрэл хайр нь хайр татам биш зүйлийг ч тэвэрч, уучилж өршөөж чаддаг. Уучлах хэчнээн хэцүү билээ дээ! Уучлал өршөөл ямар их энэрэл хайрыг шаарддаг билээ! Хүмүүс бид доромжлол эсвэл хараалтай тулгарах үедээ мөн л доромжлол, хараалаар хариулж дассан байдаг шүү дээ. Гэтэл Христийн хайр өөрийг нь харааж зүхдэг хүмүүсийг ч адисалдаг. Христийн энэрэл хайр бол бараг боломжгүй гэмээр дэндүү хүчтэй. Гэвч биднээс үлдэх цорын ганц зүйл нь чухамхүү энэрэл хайр юм. Энэрэл хайр бол Тэнгэрбурханы хаанчлалд орохын тулд бидний дамжин өнгөрөх ёстой "хавчиг хаалга". Учир нь амьдралын эцэст бид түгээмэл хайрыг биш, харин энэрэл хайрыг, жинхэнэ хайрыг бусдад үзүүлсэн үү гэдгээрээ шүүгдэх болно. Есүс бидэнд маш сайхнаар: "Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг" гэж хэлсэн (Матай 25:40). Энэрэл хайр ийм учраас хамгийн сайхан, хамгийн агуу нь юм. Бүгдээрээ улам цааш, улам дээш тэмүүлцгээе!

 

Тусгай мэндчилгээ

Өнөөдөр энд ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчид болон зочид, ялангуяа Гэгээн ширээт улстай харилцах харилцааг хариуцдаг Британийн парламентын бүлгийнхэн болон Уганда, Австрали, Энэтхэг, Филиппин, Вьетнам, Канад, АНУ-аас ирсэн хүмүүстэй мэндчилье. Пентекостын баярыг тэмдэглэхээр бэлтгэх зуур би та бүхэн болон гэр бүлийнхэнд нь Ариун Сүнсний бэлэг дүүрэн байгаасай хэмээн залбирч байна. Эзэн та бүгдийг адислах болтугай!

 

Ариун Эцэгийн үгсийн хураангуй

Эрхэм ахан дүүс ээ, бид өнөөдөр теологийн эрдэм буянуудын талаарх хичээлээ үргэлжлүүлэн хамгийн агуу эрдэм буян болох энэрэл хайрд анхаарлаа хандуулах болно (1 Коринт 13:13). Нөхөрлөл, гэр бүлээ гэх хайр, бусдад сайхан сэтгэлээр хандах гэх мэтээс илүүтэйгээр энэрэл хайр нь Тэнгэрбурханыг бүхнээс илүү хайрлаж, хөршөө өөр шигээ хайрлахад чиглэгдсэн Тэнгэрбурханы бэлэг билээ. Ариун Сүнсний хишиг ивээл, Христийн аврагч хайрын хүчээр бид төрөлхийн хүсэл тэмүүллээс давсан хайраар бие биеэ хайрлаж чадна. Христийн энэрэл хайр буюу агапе нь ядуу, хайрлах аргагүй хүмүүс болон биднийг хайрладаггүй хүмүүсийг хайрлаж, биднийг гомдоосон бүхнийг уучилж, харааж зүхдэг хүмүүсийг адислахад хүргэдэг (Лук 6:28). Бүгдээрээ өгөөмөр сэтгэл, даруу үйлчлэлээр Тэнгэрбурханыг хайрлах хайраа гэрчилж, бүх хүнд Христийн энэрэл хайрыг түгээх болтугай.

15 May 2024, 18:09

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >